image

Бамбайн булчирхайн зангилаа ба хорт хавдар

Бамбай булчирхайн үйл ажиллагаа ба үүрэг

Бамбай булчирхай нь хүзүүний урд, цагаан мөгөөрсөн хоолой дээр байрладаг дотоод шүүрлийн буюу даавар ялгаруулдаг эрхтэн юм. Хэвийн үедээ 3-4 см хэмжээтэй, 30 грамм орчим жинтэй энэ эрхтэн нь бодисын солилцоо, зүрх судасны систем, ходоод гэдэсний зам, цусан дахь кальцийн түвшинг хэвийн хэмжээнд байлгах, сэтгэхүйн ба бэлгийн үйл ажиллагааг зохицуулах, биеийн температурыг зохицуулах гээд хүний биеийн ихэнх үйл ажиллагаанд оролцдог. Бамбай булчирхайнаас гарах дааврын хэмжээг өнчин тархи удирдаж байдаг.

Тархалт

  1. Бамбайн зангилаа нь түгээмэл тохиолддог эмгэг бөгөөд 45 хүртэлх насны эрүүл хүмүүсийг санаандгүй байдлаар хүзүүний эхо шинжилгээнд хамруулахад 50 хувьд нь илэрч байдаг ба үүний 95 хувьд нь хоргүй бүтэцтэй зангилаа байдаг.
  2. Бамбайн зангилаат эмгэг нь эмэгтэй хүйсэд эрэгтэй хүйсээс 4 дахин өндөр тохиолддог байна.
  3. Нийт бамбайн зангилаат эмгэгийн 5 хувьд нь хортой хавдар тохиолдох ба 40-50 насны эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү их өвчлөх эрсдэлтэй байдаг.

Бамбай булчирхайн зангилаа үүсэх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлүүд:

  1. Жирэмснээс хамгаалах хэрэгслийг хяналтгүй, замбараагүй хэрэглэх
  2. Олон жирэмслэх, төрөх
  3. Таргалалт
  4. Удамшил
  5. Аутоиммуны шалтгаант бамбайн үрэвсэл
  6. Иодын дутагдал
  7. Олон эрхтний хоргүй үүсгэврүүдтэй хүмүүст мөн оношлогдох нь цөөнгүй байдаг

Бамбай булчирхайн зангилааны үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

  1. Ихэнх бамбайн зангилаа ямар нэг зовуурьгүй байдаг ч зарим зангилаа бамбайн дааврын хордлогын шалтгаан байж болох ба энэ үед халуунд мэдрэг болох, зүрх дэлсэх, үс унах, ядрах, сульдах, хөлрөх, турах зовууриуд танд мэдрэгдэнэ. Хэрвээ дээрх зовуурь илэрч байвал дотоод шүүрлийн эмчид хандан бамбайн дааврын шинжилгээ өгөх нь зүйтэй юм.
  2. Бамбайн зангилаа 4 см-аас том хэмжээтэй болж ирэхэд бүхэл хоол идэх үед тээглэх, таагүй мэдрэмж төрөх, хэвтэх үед хоолойн дээр юм дарах мэдрэмж төрөх, хуурай ханиалгах, захтай цамц өмсөхөд эвгүй байх, шөнө унтахад чимээ шуугиантай амьсгалах, ачааллын үед амьсгал давчдах зэрэг цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолойн дарагдлын шинж тэмдгүүд илэрдэг.

Бамбай булчирхайн хорт хавдар үүсэх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлүүд:

Бамбайн хорт хавдрын эрт үед ямар нэг зовуурь илэрдэггүй ч зарим тохиолдолд

  1. хүзүүний урд овойх
  2. хүзүүнд булчирхай томрох
  3. хатуу зүйл тэмтрэгдэх
  4. дууны өнгө сөөх
  5. залгихад зовуурьтай байх зэрэг зовууриуд илэрнэ.

Бамбайн хорт хавдар нь маш удаан явцтай, бусад хавдартай харьцуулахад тавилан сайтай, бүрэн эдгэрэх боломжтой байдгаараа онцлог юм.

Хэрхэн оношлуулах вэ?

  1. Хэт авиан шинжилгээ
  2. Толгой, хүзүүний компьютерт томограф

Зөвлөгөө

  1. Бамбайн хоргүй зангилаа оношлогдсон тохиолдолд шууд хавдартай боллоо хэмээн айж сандрах шаардлага байхгүй юм.
  2. Хоргүй зангилааг 6 сараас жилд нэг удаа бамбайн эход харуулж, хянаж байх зөвлөгөө өгдөг бол харин хортой хавдрын сэжигтэй байх үед эсийн шинжилгээ хийж оношийг баталгаажуулах болно. Тиймээс та бамбай зангилаа бүрийг хатгаж эсийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй, гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.
  3. Мэдскан төвийн багцын шинжилгээнд хамрагдаж энэхүү өвчнийг оношилж, эрт илрүүлэх боломжтой.

Эх сурвалж:

  1. Johns Hopkins Medicine – Thyroid Nodules: When to Worry https://www.hopkinsmedicine.org/health/conditions-and-diseases/thyroid-nodules-when-to-worry
  2. NYU Langone Health – Types of Thyroid Nodules & Cancers https://nyulangone.org/conditions/thyroid-nodules-cancers/types

logo white

Даваа - Бямба: 09:00 - 18:00

Ням: Амарна

+976 -77772221

info@medscan.mn

Mэдскан төв, Манлай Баатар Дамдинсүрэнгийн Гудамж, 43-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Манай хаяг:
Фэйсбүүк хаяг: